30 мянга га бэлчээрийн мэрэгчтэй тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-27 20:46:47

Энэ жил Дундговь аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн мэрэгч устгана. Нийт 6 сумын 30 мянга га бэлчээрийг хамрах бөгөөд үүнд улсын төсвийн 48 сая төгрөг зарцуулах юм байна.

Гол төлөв Өвөрхангай, Төв, Говьсүмбэр аймагтай хил залгаа оршдог сумдын нутагт үлийн цагаан оготнотой тэмцдэг бөгөөд энэ хавар хийсэн тандалтаар Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын нутгийг сонгосон байна. Сайнцагаан сумын хувьд хил залгаа биш ч малчид нь байнгын отор нүүдэлд явдгийг харгалзаж, бэлчээрийг нь сайжруулан, орон нутагтаа өвөлжих боломжийг малчдад бүрдүүлэх үүднээс ийнхүү сонгосон ажээ.  Энэ удаад хамгийн ихдээ Эрдэнэдалай сумын 16 мянган га бэлчээрт мэрэгч устгах юм байна.  

Одоогоор мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан ч санхүүжилт хараахан ирээгүй тул ажлыг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Мэрэгч устгахад зориулсан бага оврын утагч  15 багажийг 5 суманд өгсөн тул улсын төсвөөс гадна сумд өөрийн хөрөнгөөр бэлчээрийн мэрэгчтэй тэмцэх боломжтой болсон ажээ.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ