Төлөвлөгөөт бус шалгалтаар 229 обьектоос 100 зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр 14 цагт мэдээллээ.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: “НОК-ын шуурхай штаб, дүүргүүдийн шуурхай штаб болон Гамшгаас хамгаалах албадад нийт 25 мянга гаруй албан хаагчид ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар руу орсон 1145, гарсан 1880, нийт 3373 тээврийн хэрэгслээр 6460 иргэн зорчсон байна. Бид энэ хүмүүст эрүүл мэндийн үзлэг тандалт хийгээд, яг хаана ирж, очих гэж байгааг асуумжаар тодорхой бүртгэсэн бөгөөд Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг “COVID-19” халдвар гарсан орон нутгаас ирсэн иргэдийг түргэн оношлуурт шинжилгээ хийлгээгүй бол буцаах арга хэмжээг авсан. Ер нь шаардлагатай тохиолдолд Эмнэлгийн тандалтын багийг ажиллуулж шалган нэвтрүүлэх товчоодоор нэн шаардлагатай ачаа тээвэр, хүнсний болон эм хангамж, эмнэлгийн багаж хэрэгсэл, шатахуун тээвэрлэсэн автомашинуудыг ариутган халдваргүйжүүлж, түргэвчилсэн оношлогоог хийж байгаа.
Нийслэлийн 7 дүүргийн 23 байршилд 16 тонн мах нийлүүлсэн. Нийслэлийн хүн амын ундны усны хангамжийн хувьд 7 эх үүсвэрээс гэр хорооллын ус түгээх 354 байр, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 323 цэгээс цэвэр ус түгээж байна. Өнөөдөр өглөөний 7.00-10.00 цагийн хооронд нийтийн тээврийн 92 чиглэлд 860 автобус 25692 иргэдэд үйлчилсэн байна. Сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэгт 2487 тонн түлш нийлүүлжээ.
НМХГ-ын 319 улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 229 обьектод хийж 100 зөрчил илрүүлж 75 хувийг арилгуулж ажиллалаа. Мөн энэ хугацаанд нийт 3490 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал хийжээ.
Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт нийслэлийн хог хаягдлыг 210 машинаар тээвэрлэн хаяж байгаа. Нийслэлд 18 цэгт болон ӨЭМТ-ийн 84 цэг, нийтдээ 102 цэгт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээг 3369 хүнээс авсан. Одоогоор PSR шинжилгээний хариу гараагүй байна” гэлээ.