Аймгийн төвийн ногоон бүсэд мал нэвтрүүлэхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-20 15:11:25

Ховд /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор “Нохой, муур болон мал амьтны талаар авах зарим арга хэмжээний тухай” Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны А\499 дугаар захирамж гарчээ.

Үүний дагуу Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ногоон бүсэд нэвтэрсэн болон эзэн хариулгагүй явсан малыг тусгай хашаанд хашиж журамлаж байна.

Мөн эзнийг нь “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.13.2-т заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах ажлыг хэрэгжүүлж байна.

Тус шийдвэрийн дагуу энэ сарын 18, 19-ний өдөр нийт 19 үхэр журамласан байна.

Иймээс Ховд аймгийн төвд малаа эзэнтэй, хариулгатай бэлчээх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтрүүлэхгүй байх, улмаар малаа хотын төвөөс гаргах шаардлагатай байгааг Жаргалант сумын ЗДТГ-аас анхаарууллаа. 

Мөн “гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Жаргалант сумын ЗДТГ, Ховд хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.   

Холбоотой мэдээ