15 иргэн Улаанбаатар явах зөвшөөрөл авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-19 20:59:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлснээр энэ сарын 18-19-нд тус аймгаас Улаанбаатар хот руу зорчих 15, аймаг дотроо зорчих 64 иргэн зөвшөөрөл авчээ.

Аймаг дотроо зорчих иргэдийн хувьд 11 дүгээр сарын 18-ны Онцгой комиссын хуралдаанаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон Цагаандэлгэр, Өндөршил, Говь-Угтаал, Баянжаргалан болон Гурвансайхан сумаас бусад суманд явахыг зөвшөөрсөн аж.

Энэ сарын 18-ны байдлаар Эрдэнэдалай суманд тав, Говь-Угтаал суманд гурван иргэн Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй ирснийг тусгаарласан байна.

Мөн энэ хугацаанд аймгийн төвийн арван ШТС, тэдгээрийн гадна талбайг ариутгаж, Улаанбаатар хотоос орж ирдэг хойд постын хажууд ариутгалын уураар утах зориулалттай пункт барьж ашиглалтад оруулан, орж гарч байгаа тээврийн хэрэгслийг ариутгаж байгаа ажээ.

Иргэдийн зүгээс айл өрхүүд өвлийн түлээ, нүүрс, идэш хоолоо татах шаардлагатай байгаа тул түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Тэвшийн говиос нүүрс татах ажлыг зохицуулж, зөвшөөрөл олгож байгаа, зүүн талын таван сумаас бусад сум руу явж, идэш хоолоо татах иргэд Шуурхай штабт хүсэлт гарган шийдүүлэх боломжтой” гээд иргэд хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай байгааг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ