Озэки Такакейшо 10 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-18 17:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы "Рёогокү Кокугикан" ордонд болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 11 дэх өдрийн барилдаанд Озэки Такакейшо өрсөлдөгчөө хаяснаар 10 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.


Өнөөдөр Озэки Такакейшо Kотошохо-той /М-4/ учраа таарч, түүнийг цүкиотоши мэхээр давж 10 даваатай боллоо. Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-10/, нар 9 даваа,  2 унаатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.


Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 11 дэх өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миёогирюү-тэй /М-5/ барилдаж кимэдаши мэхээр өрсөлдөгчөө давснаар 2 унаа, 9 даваатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Сэкиваке Митакэүми-тэй барилдана.


Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Шиманоүми /М-17/ ошитаоши мэхээр ойчиж 5 унаа, 6 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Ютакаяама-г /М-12/-д ошидаши мэхээр унагаж 4 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Токүшёорюү-д /М10/ тоттари мэхээр унаж 6 даваа, 5 унаатай байна.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Дайэйшотой барилдаж Цүкидаши мэхээр ойчиж 6 даваа, 5 унаатай явна.

Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Точиношин-д /М-2/ ёрикири мэхээр ойчиж 10 унаа, ганц даваатай энэ башёд тун тааруухан барилдаж байна. Маргааш Саданоүми -тэй /М-11/ барилдана.

Холбоотой мэдээ