Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-05-16 17:42:11

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ зорилгын хүрээнд “Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч” олон улсын үзэсгэлэн, уулзалт “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээгдлээ.


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд гадаад, дотоодын компани, ААН-үүд инновац шингэсэн, шинэлэг эрчим хүчний шийдлийн тоног төхөөрөмж, техник, технологийг санал болгон дэлгэж байна.


Үзэсгэлэнд “WarmMax” компани Ирланд улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий дулаанаа өөрөө нөөцөлж хуримтлуулдаг халаагуур дэлгэжээ. Энэ нь цахилгаанаар халаахаас гадна цахилгаангүй газар сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг хосолсон хувилбартайг маркетингийн менежер Э.Жавхлан танилцууллаа. Эдний төхөөрөмж 6-8 цаг цахилгаан ашиглаад, 16-18 цагт нь нөөцөлсөн дулаанаа барьж ялгаруулдаг байна.


Төхөөрөмж нь голдоо 700-900 хэм халдаг, төмрийн хүдэр, магнитай тусгай тоосгыг ашигладаг технологитой аж. Уг төхөөрөмжийг Монголын нөхцөлд байршуулах загварын байрыг ШУТИС-ийн багш, инженерүүдийн оролцоотойгоор өнгөрсөн өвөл бэлтгэн барьж баталгаажуулжээ. Цахилгаан хуримтлуулдаг уг төхөөрөмжийг монгол гэрийн түлээ, нүүрсний жилд зарцуулах хэмжээний хөрөнгөөр авч, 20 жил ажиллуулах боломжтой, тэр хэмжээгээр цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоо гарсныг хэллээ.


Үзэсгэлэнд ус болон эрчим хүчний хангамжийн сүлжээний холболт хийдэг ОХУ-ын “Сибэнерго” компани Монгол Улсад дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр анхны үзэсгэлэндээ оролцож буйг тус компанийн гүйцэтгэх захирал А.А.Дьяков хэллээ. “Бидний үндсэн захиалагч Эрхүү мужид байдаг тул энэ бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ОХУ-ын Буриад улс болон Красноярскийн хязгаарт ажиллаж байна” гэв. 








Холбоотой мэдээ