ОРХОН: “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/ Эрүүл
мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”
үндэсний сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн ЭМГ-ын 400 гаруй ажилтан оролцож, эрүүл мэндийн
салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл солилцлоо. Тухайлбал, иргэд эмнэлэгт
үйлчлүүлэх цаг, дугаар авахдаа өмнө нь утсаар болон биеэрээ очиж авдаг байсан
бол одоо E-Mongolia
аппликейшнээр захиалдаг болжээ. Мөн иргэн анхан болон II, III дугаар
шатлалын эмнэлэгт үйлчлүүлэхэд өвчний түүх, үйлчлүүлсэн мэдээллийг бүх шатлалын
эмнэлэг харах мэдээллийн нэгдсэн сантай
болсон байна.
Эрүүл мэндийн цахим
шилжилт нь өрх гэр, иргэний эдийн засаг, цаг хугацааг хэмнэхээс гадна өвчин,
эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарч амьдралын чанараа
дээшлүүлэх боломжтой юм.
Монгол Улсад сүүлийн 30
жилд хүн амын дундаж наслалт 10-аар нэмэгдэж 70 нас болж байгаа нь эрүүл
мэндийн тогтолцоо, засаглал сайжирч байгаагийн нэг илрэл юм. Үүн дээр нэмж
эрүүл мэндийн салбар цахимжсанаар хүн амд зонхилон тохиолдож буй өвчний
шалтгаан, нөхцөл түүнээс сэргийлэх арга, яаралтай авч хэрэгжүүлэх бодлого,
хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр монгол хүний дундаж нас нэмэгдэх боломжтой.