Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАМСТЕРДАМ, 2024 оны тавдугаар сарын 16 /DW/. Нидерландын барууны үзэл баримтлалтай дөрвөн нам эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцжээ.
“Бид тохиролцоонд хүрлээ” гэж хэт барууны үзэлт Эрх чөлөөний намын (PVV) дарга Герт Вилдерс лхагва гарагт мэдэгдсэн байна.
Эвслийн засгийн газарт PVV намаас гадна барууны төвч үзэлт Эрх чөлөө, ардчиллын төлөөх нам, Фермер-иргэний хөдөлгөөн болон Шинэ нийгмийн гэрээний нам багтжээ. Эдгээр намын удирдагчид парламент дахь фракцуудтайгаа хэлэлцээр байгуулах асуудлаар зөвшилцөх ёстой.
Харин шинэ Ерөнхий сайд хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Нэр дэвшигчийн асуудлыг дараа нь хэлэлцэх болно гэж Г.Вилдерс мэдэгджээ. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлэхгүй гэдгээ хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте 2023 оны долоодугаар сард сайд нарын танхимаа огцруулах хүсэлт өгснөөр тус улсад ээлжит бус сонгууль зарласан билээ. Ийнхүү огцрох болсон шалтгаан нь засгийн газарт эвссэн дөрвөн намын хоёр нь цагаачлалын бодлогыг чангатгах тухай Рюттегийн саналыг дэмжээгүйтэй холбоотой юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон тус улсын парламентын ээлжит бус сонгуульд барууны үзэлт популист намууд 150 суудлын 37-г нь авч, үнэмлэхүй ялжээ. Гэвч PVV-ийн талаас хэлэлцээнд оролцогч нь огцорсон тул эвсэл байгуулах гэсэн Вилдерсийн эхний оролдлого бүтэлгүйтсэн юм. Гуравдугаар сард намууд шинэ засгийн газрын гишүүдийн тал орчим хувийг улс төртэй холбоогүй, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхээр тохиролцсон байна.