Монголын сонгодог хөгжмийн тоглолт Бээжин хотноо болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсыг сурталчлах, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагааны хүрээнд “Сонгодог хөгжмийн үдэш” тоглолтыг Бээжин хотноо энэ сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулжээ.
Тус ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулсан энэхүү сонгодог хөгжмийн тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Монгол Улсын Консерваторийн багш Г.Оюун-Эрдэнэ, Б.Номингуа, Д.Амармэнд, Д.Галбадрах нарын мэргэжлийн хөгжимчид оролцон Ф.Шопен, В.А.Моцарт, Ш.Гуно, А.Пьяццолла болон Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Б.Шарав, З.Хангал, Ж.Чулуун нарын хөгжмийн зохиолоос тоглож сонирхуулсан байна.
Энэ удаагийн тоглолт нь ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулагдсан анхны сонгодог хөгжмийн тоглолт болсноороо онцлог байсан бөгөөд монгол, хятад иргэдээс гадна 40 гаруй улсын Элчин сайд, дипломат ажилтнууд очиж үзэж сонирхжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ