БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн бүх цэцэрлэг хүнсний ногоо тарих хүлэмжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн төрийн өмчийн 51 цэцэрлэгт хүлэмж олголоо.
Тус ажил хүүхдүүдэд багаас нь экологийн боловсрол олгох, хүнсний ногоо тарьж ургуулахад сургах зорилготой.
"Шинэ хөдөө" төслийн хүрээнд байгууллагуудыг хүлэмжээр хангахад зориулж улсын төсвөөс 250 сая төгрөг шийдвэрлэсэн. Тухайн мөнгөөр 8х10х2.8 метрийн хэмжээтэй 30, 4х8х2.8 метрийн хэмжээтэй 30, нийт 60 хүлэмжийг худалдан авах ажиллагааны журмаар нийлүүлжээ. Үүнээс 51 хүлэмжийг ийнхүү төрийн өмчийн цэцэрлэгүүдэд олгож байна.
Үлдсэн 9 хүлэмжийг зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиуд, онцгой байдлын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургууль зэрэг байгууллагад хуваарилсан.
Цэцэрлэгүүд авсан хүлэмждээ хүнсний ногоо тарихад нь ахмад агрономич
Н.Зизагүл арга зүйн зөвлөгөө өгнө. Түүний цалинг аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газраас "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
хөтөлбөр"-ийн хүрээнд шийдвэрлээд байна.