Т.Бах Токиогийн Олимпын наадмын байгууламжуудад зочиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-11-18 11:31:25

ТОКИО. /Kyodo/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах “COVID-19” халдварын улмаас хойшлуулсан Токиогийн Олимпын тамирчдын хотхон, үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зочилжээ. Японы нийслэлд хийж буй Т.Бахын дөрвөн өдрийн айлчлал өнгөрсөн ням гарагт эхэлсэн юм.


Т.Бахыг Олимп, Паралимпын наадмын нээлт, хаалтын ёслол болон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар шинээр барьсан цэнгэлдэх хүрээлэнд зочлох үеэр триатлонч Аи Үэда, бадминтонч Сарина Сатоми нар угтан авчээ. Жаран мянган хүний суудалтай үндэсний цэнгэлдэх хүрээлэнг байгуулах ажил өнгөрсөн 11 дүгээр сард дууссан бөгөөд уг байгууламжийг 1964 оны Токиогийн Олимпын үеэр ашигласан цэнгэлдэх хүрээлэнгийн суурин дээр барьсан юм.


Мөн Токиогийн Олимпын наадмын тамирчдын хотхоны дарга, Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Сабүро Кавабүчи ирэх зуны наадмын үеэр 10 мянган тамирчин, дасгалжуулагчийг байрлуулах хотхоныг түүнд танилцуулсан байна. Т.Бах мөн Японы Олимпын музейг үзэж сонирхжээ.


ОУОХ-ны тэргүүн ирэх хавар буюу Олимпын бамбарын буухиа эхлэх үеэр Японд дахин айлчлахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр даваа гарагт Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж, талууд Токиогийн Олимпыг ирэх зун төлөвлөсний дагуу зохион байгуулна гэдгийг дахин нотолсон юм.


Мягмар гаргийн өглөө Т.Бах Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой Токио дахь Австралийн Элчин сайдын яамны байранд уулзжээ. ОУОХ-ны мэдээлснээр, С.Моррисон 2032 оны зуны Олимпыг Австралийн Квинсленд мужид зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ