Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд бүрэн шинжилгээнд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын бүх иргэнийг шинэ коронавирусний бүрэн шинжилгээнд хамруулахаар боллоо.
Сэлэнгэ аймгийн хувьд кластер дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн онцгой комиссоос шуурхай ажиллагааны төлөвлөгөө батлуулан өнөөдрөөс хэрэгжүүлж байгаа аж.
УОК-ын өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ, "Сүхбаатар, Алтанбулаг суманд одоогоор хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар сумын 25 мянга, Алтанбулаг сум 22 мянга гаруй хүн амтай. Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Дотоод нөөц бололцоонд тулгуурлан долоо хоногийн хугацаанд бүрэн хамруулж, тархалтыг зогсоохыг зорино. Хойд бүсийн чиглэлийн аймгуудад онцгой, цагдаагийн алба хаагчийн хүч нэмэх арга хэмжээ авахаар шийдвэр гаргалаа. Мөн Эрүүл мэндийн байгууллагаас Сэлэнгэ аймаг руу тандалт судалгааны 2 явуулын лаборатори илгээсэн" хэмээв.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлж, ажилчдыг тусгаарлах байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэлээ.