“Brent” маркийн нефтийн үнэ 50 доллароос давлаа

ДЭЛХИЙД
jargal@montsame.mn
2016-05-26 12:11:14

МОСКВА. /TASS/. Дэлхийн зах зээлд “Brent” маркийн нэг баррель нефтийн үнэ 2015 оны 11 дүгээр сарын 4-нөөс хойших хугацаанд анх удаагаа 50 доллароос давлаа. Долдугаар сард нийлүүлэх гэрээний хамгийн дээд үнэ 50.8 долларт хүрснийг Лондоны “ICE Futures Europe” биржийн арилжааны мэдээлэл харуулж байна.

Түүнээс гадна, долдугаар сард нийлүүлэх “WTI” маркийн нефтийн хамгийн дээд үнэ мөн адил 2015 оны 11 дүгээр сараас хойших хугацааны хамгийн дээд түвшиндээ хүрч, нэг торх нь 49.88 доллар болсныг Нью-Йоркийн “NYMEX” биржийн мэдээлэлд дурджээ.

Дараа сард нийлүүлэх гэрээний үнэ ийнхүү өссөн нь АНУ-ын түүхий нефтийн нөөц нэлээд хэмжээгээр буурсан тухай мэдээлэл гарсантай холбоотой аж. АНУ-ын Эрчим хүчний яамнаас өмнө нь мэдээлснээр, тавдугаар сарын 20-ны байдлаар тус улсын түүхий нефтийн нөөц 4.2  сая торхоор, бензиний нөөц 2.0 сая торхоор буурсан бол нэрсэн нефтийн бүтээгдэхүүний нөөц 1.3 сая торхоор багасчээ. Үүний сацуу АНУ дахь нефть олборлолтын хэмжээ 20-ны өдөр дуусгавар болсон долоо хоногийн хугацаанд 25 мянга орчим торхоор буурч, 2014 оны есдүгээр сараас хойших хугацаан дахь хамгийн доод түвшинд /хоногт 8.767 сая торх/ хүртэл багассан байна. 

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ