Улаан бурхан өвчний тохиолдол сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-13 10:54:34

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн хэмжээнд 2019 онд улаанбурхан өвчний тохиолдол огцом нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хамтарсан тайланд дурджээ. Өнгөрсөн онд 869770 хүн улаан бурхан өвчнөөр халдварласан нь 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Улаан бурхныг ихэвчлэн бага насны хүүхдэд элбэг тохиолддог аюул багатай өвчин гэж үздэг ч 2016 оноос хойш тус өвчний улмаас нас барсан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд тус өвчний улмаас 207500 хүн нас баржээ.


Ийм нөхцөл байдал үүссэнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа, олон хүүхэд улаан бурхан өвчнөөс хамгаалах MCV1 болон MCV2 вакциныг цаг тухайд нь хийлгээгүйтэй холбоотой гэжээ. Вирус дэгдэхээс найдвартай хамгаалахын тулд хүн амын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай аж. “MCV1” вакцинжуулалтын түвшин дунджаар 85 хувьтай байгаа бол “MCV2” 71 хувьтай байгаа аж.


“Улаан бурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх арга замыг шинжлэх ухаан хэдийнээ олсон. Иймд хүн бүрийг вакцинжуулалтад хамруулахын тулд нэгдэж ажиллах хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус мэдэгдсэн байна.


2020 онд коронавирустэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бусад өвчний эсрэг вакцинжуулалтын үйл явц зогсонги байдалд оржээ. Хорио цээрийн улмаас 26 улс орны нийт 94 сая хүн хамрагдах ёстой байсан улаан бурхан өвчний вакцинжуулалтыг хойшлуулсан байна. Эдгээр улсаас 8-хан улс вакцинжуулалтыг сэргээсэн байна. 


Covid-19” халдварт өвчин өөрөө аюул дагуулаад зогсохгүй улаан бурхан өвчний тохиолдол, нас баралтыг нэмэгдүүлэхэд  нөлөөлж байна гэж Америкийн Улаан Загалмайн хэлтсийн тэргүүн Гейл Макговерн мэдэгдэв.


“Үхлийн аюултай нэг өвчинтэй тэмцсэнээр өөр нэг нь аюул дагуулах ёсгүй. Вакцин нь байдаг бүх халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын үйл явцыг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Генриетт Фор мэдэгджээ.


“Дэлхий дахинд эрүүл мэндийн салбарууд “Covid-19”-д анхаарлаа хандуулаад байгаа хэдий ч бусад халдварт өвчнүүдтэй хийх тэмцлээ сулруулж болохгүй. Улаан бурхны тохиолдлуудаас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой учир энэ өвчнөөр хүн нас барах ёсгүй” хэмээн буурай орнуудын хүн амыг вакцинжуулалтад хамруулах асуудлыг хариуцдаг “Gavi” олон улсын байгууллагын тэргүүн Сет Беркли мэдэгджээ.


Улаан бурхан, халдварт саа өвчний дэгдэлтээс сэргийлэх шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ДЭМБ, ЮНИСЕФ буюу НҮБ-ын Хүүхдийн сан 11 дүгээр сарын 6-нд уриалжээ.


“Коронавирустэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байгаа хэдий ч ядуу буурай орнуудын олон сая оршин суугчдад үхлийн аюул дагуулах олон өвчнүүд бий” хэмээн баримт бичигт дурджээ.


НҮБ-ын тусгай байгууллагууд 200 сая хүн амтай Нигерийн нөхцөл байдал ихээхэн санаа зовниж байна. Тус улсад улаан бурхан өвчний вакцинжуулалтын түвшин 54 хувьтай байгаа аж.  

Холбоотой мэдээ