ХЗДХЯ салбарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-12 20:08:27

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ХЗДХЯ Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг хуралдуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Энэ хүрээнд тус яамны харьяа 12 агентлаг, байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож, хариуцлагатай жижүүр ажиллуулж байна. Мөн дээрх байгууллагын албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.

 

Харин Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбогдуулан бие бүрэлдэхүүнээр онцгой үүрэг гүйцэтгэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж байна.

 

УОК-ын Шуурхай штабт яам, харьяа байгууллагын ажилтнууд улсын бүртгэлийн архивын лавлагаа, мэдээллээр ханган ажиллаж байгаа бол аймаг, нийслэл, дүүргийн улсын онцгой комисст Нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар ажиллаж байна гэж ХЗДХЯ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ