Энэтхэг, Хятад маргаантай бүсээс хүнд зэвсгүүдээ татахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-12 16:23:20

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг, Хятад хуягт техник, их буу болон өөр хүнд зэвсгүүдийг зүүн Ладакх муж дахь хоёр улсыг зааглах шугамаас татахаар тохиролцжээ. Энэ тухай “The Times of India” сонин Энэтхэгийн цэргийн эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн байна.


Хоёр тал зүүн Ладакх мужийн Пангонг-Цо нуур болон Чушул тосгоны орчмоос гурван үе шаттайгаар зэвсгүүдээ татна. Энэ нь өндөр уулын энэ бүс нутагт долоон сарын турш үргэлжилж буй цэргийн хурцадмал байдлыг намжаах томоохон алхам болох юм.


Эх сурвалжуудын хэлснээр, Энэтхэг, Хятадын цэргийнхэн одоогийн байдлаар 11 дүгээр сарын 6-нд хоёр талын цэрэг-дипломат хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцооны үндсэн дээр зэвсгээ татан авах ажиллагааны нөхцөл, дарааллыг өдөр бүр шууд утсаар хэлэлцэж байгаа аж.


Харин Ладакхаас цэргээ татах ажлыг Энэтхэг, Хятадын Гадаад хэрэг, Батлан ​​хамгаалах сайд нарыг есдүгээр сард Москвад уулзсаны дараа хүлээж авсан улс төрийн удирдамжийн дагуу бэлтгэж байна гэж Энэтхэгийн хуурай замын цэргийн ерөнхий командлагч, генерал Манож Нараване мягмар гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн зун Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх Галван хөндий орчимд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны дараа хоёр улсын хилийн дагуух маргаантай бүсийн байдал хурцадсан юм.


Холбоотой мэдээ