ШӨХТГ иргэдийн гомдлын дагуу газар дээр нь ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-11 22:13:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.COVID-19”-ийн цар тахлын халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийг нэмж байна гэсэн гомдол өнөөдөр ШӨХТГ-ын 115 дугаарын утсанд 470 удаа иржээ.

Утсаар ирсэн санал гомдлын дагуу болон өнөөдөр өглөө “Хүчит шонхор” захаас ирсэн дуудлагын дагуу ШӨХТГ-ын ажилтнууд, улсын байцаагч нар газар дээр нь шалгаж ажиллан мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмснийг тогтоож, “Хүчит шонхор” болон “Таван-Эрдэнэ” захыг Зөрчлийн тухай болон бусад хуулийн дагуу тус бүр 20 сая төгрөгөөр торгож махны үнийг хэвийн байдалд нь буулгаад байгаа талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам өнөөдөр мэдэгдэв. 

Нийслэл хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн ААН-д хатуу арга хэмжээ авна гэдгийг ШӨХТГ-аас мэдээлж байна. Тус байгууллагад өнөөдөр ирсэн 470 гаруй дуудлагын:

  • 260 нь махны үнэ нэмсэнтэй холбоотой,
  •  155 нь амны хаалтны үнийг нэмсэн,
  • 30 нь өндөг болон бусад бүтээгдэхүүн,
  • 25 нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой иржээ.

ШӨХТГ-аас зах,  худалдааны төв, сүлжээ дэлгүүр, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгалын бодис ханган нийлүүлэгч байгууллагад үнийн зохиомол хөөрөгдлийг үүсгэхгүй байх талаар албан ёсны шаардлага хүргүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ