"Тавантолгой дулааны станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг ЭХЯ эзэмшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-11 12:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны хоёрдугаар улиралд багтаан станцын барилга угсралтын ажлыг эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа. Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компанийн байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс  өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.


Товч мэдээ:


- Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 60 айлын орон сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн /ХЗДХЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тав, ОБЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг/ нийт зургаан айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтан, албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар болов.


- Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн архивын ажилтанд 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох журмыг батлав. Энэ жил улсын хэмжээнд 33, ирэх жил гурван ажилтан урамшуулал авахаар байна.

Холбоотой мэдээ