Эвдэрсэн газрыг сэргээхэд хамтран хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 18:12:55

Үйл явдлын багц мэдээ

“Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Ихтамир, Хайрхан зэрэг суманд олборлолт хийж байгаа  алт, мөнгө, төмрийн уурхайнуудын эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажилд тогтмол хяналт тавьж, байгаль хамгаалах төлөвлөгөө болон хяналт шинжилгээний хөтөлбөрт тухайн орон нутгийн онцлогт тохируулсан өөрчлөлт оруулан ажиллаж байна.

Аймгийн ЗДТГ, Цагдаа тагнуул мэргэжлийн хяналтын газрууд, Орхон Чулуулт голын хамгаалалтын захиргаа эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх талаар хамтран ажиллах, ажлын уялдааг сайжруулж, иргэд байгаль орчны чиглэлийн ТББ-уудаас ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч, тэднийг холбогдох мэдээллээр хангасаар иржээ.

2016 оны тавдугаар сарын 18-ны Лхагва гарагт эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг аж ахуйн нэгжүүдээр хийлгэхэд тавих хяналтын талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудад сургалт явууллаа. Түүнээс гадна 2013-2016 онд хаалтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд иргэд, ТББ-ууд хэрхэн хяналт тавих талаар аймгийн ЗДТГ-аас гурван удаа давтан сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн 2000 оноос “Цэнхэр нутгийн дуудлага” төв, 2004 оноос “Ариунсуврага” ТББ-уудаас уурхайн эвдсэн газрыг нөхөн сэргээх ажилд тогтмол хяналт тавьсаар иржээ.

Таван хүнд 10 хоног гэрээр сувилгаа хийжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ар тооромт” эмнэлгийн сувилахуйн баг судалгаа авсны үндсэн дээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүст гэрээр сувилгаа хийжээ.

Тэдгээр нь ихэвчлэн өндөр даралттай, нурууны өвдөлттэй, мөн удаан хугацаагаар хэвтэрт байснаас цооролт үүсч шаналж зовогсод байжээ. Өөртөө үйлчлэх чадваргүй таван хүний хөл толгойг нь угааж хумсыг авч, мэргэжлийн бариа засал, иллэг массаж хийсэн аж. Түүнчлэн цооролт үүссэн нэгний шархыг цэвэрлэж, нөхөн төлжүүлэх тос түрхэж, хуурай байлгаснаар шархны эдгэрэлт түргэссэнд сувилагчид сэтгэл дүүрэн байлаа гэж тэд ярилаа.

      “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа

Цэцэрлэг хотноо Өрлөг жанжин Г.Дэмидийн талбайд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийг угтаж, “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Энэ өдөр Цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаар олон нийтээс гаргасан санал хүсэл өргөдөл гомдлыг хүлээн авахын зэрэгцээ тэдэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, цагдаагын албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар мэдээлэл цацлаа.

Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох зэрэг нийтлэг асуултанд хариулж мэдээллээр хангав. Энэ бүх мэдээллийг авснаар иргэд гэмт хэрэгт холбогдохгүй байх, цагдаа иргэдийн хамтын ажиллагаа сайжрах, гэмт хэргийн гаралт багасах зэрэг үр дүн гарна гэж төлөвлөсөн. Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг энэ оны долдугаар сард тэмдэглэнэ. Үүний бэлтгэл ажлын нэг хэсэг нь энэ ажиллагаа гэж ойлгож болно” хэмээн тус газрын дарга, дэд хурандаа Я. Ганбат тодруулж хэллээ.

      Ус ариутгалын шинэ систем нэвтрүүллээ

Архангай аймгийн ус сувгийн “Ундарга” компани нүүрс бага зарцуулдаг халаалтын тогоо, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг дэвшилттэй технологитой насос, давтамж хувиргагч бүхий цахилгааны тоног төхөөрөмжүүдийг ашиглах, дулааны алдагдлыг бууруулахын тулд гражийн хаалгыг дулаалах зэрэг ажлыг хийснээр өнгөрсөн өвөл, хавар урсгал зардлаа зохих ёсоор хэмнэснээ тус компаний захирал Б.Булганчимэг сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрчлэн, ус түгээх байруудын ариутгалыг хлор хийдэг байсныг хлораминаар ариутгах шинэ технологийг нэвтрүүлжээ.

Нийтийн халуун усны газруудад халуун хүйтэн ус тааруулах гээд гоожуулдаг байсныг болиулж форсуниктай шүршүүр нь бага усыг хуйлруулж өндөр даралтад оруулж усыг хэмнэдэг болгожээ.  

  Шилдэг татвар төлөгч тодорлоо

Энэ жилийн “Улсын шилдэг татвар төлөгч”-өөр Архангай аймгаас “Жи Эн Би”, “Багахангай”, “Хангайн зураг” ХХК-иуд шалгарлаа гэж татварын хэлтсийн дарга Б. Эрдэнэбилэг мэдээллээ.

Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК 1996  оноос тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1800 га эргэлтийн талбайтай. Тус байгууллага 2001 онд ХААЯ-ны сортын үр үржүүлэх материаллаг баазтай улсын тэргүүний 17 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, эдүгээ өндөр уулын бүсд шилмэл сортын улаан буудайн үр үйлдвэрлэж, ойролцоох аж ахуйн нэгжүүдийг үрээр хангаж байгаа талаараа компаний захирал Б. Жавхлан сонирхууллаа.

 

        Архангай аймаг Л.Булган

 

 

 

 

 

 


 

Холбоотой мэдээ