Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтийн саналыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-10 15:53:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон БШУСЯ хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-нд эхлүүлжээ.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийхдээ, "Улсын хөгжлийн үндэс нь  боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуулийн төсөлд бичгээр болон цахимаар саналаа өгөх боломжтой. Цахимаар санал авах ажил ирэх оны нэгдүгээр сарын 01г хүртэл үргэлжилнэ. БШУЯ-наас 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах хугацаа энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ. Мөн БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-30-нд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Харин нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-07-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэд БШУЯ-ны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-ийн багш ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Холбоотой мэдээ