Хөрөнгө оруулагч нарт үйлчлэх IR хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК хөрөнгө оруулагч нарт үйлчлэх IR хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буйг өнөөдөр мэдээллээ. Энэ нь:
- хөрөнгө оруулагч нарт компанийн үйл ажиллагааны мэдээллийг ил тод, шуурхай хүргэж,
- хөрөнгө оруулагчидтай бат бэх харилцаа холбоо, итгэлцлийг үүсгэх,
- урт хугацааны хөрөнгө оруулагчидтай болох,
- компанийн үнэ цэнийг тогтвортой хадгалах, нэмэлт санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулах цогц үйл ажиллагаа юм.
Гол нь дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлдэг, олон талын ашгийг үзүүлдэг юм.
Энэхүү хөтөлбөр нь "Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аас хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан бүртгэлтэй компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангуулахаар анхаарч ажиллаж буй үйл ажиллагаатай нягт уялдаж буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
“Түмэн шувуут” ХК CЗХ-ноос хувьцаат компаниудад хандан гаргасан ил тод, ёс зүйтэй ажиллах уриалгыг дэмжин ийнхүү “Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд танилцууллаа. Монголын Хөрөнгийн биржийн байранд болсон танилцуулах хэвлэлийн бага хуралд СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамц, МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатар нар оролцлоо.
Ташрамд мэдээлэхэд, “Түмэн шувуут” ХК хэрэглэгч нартаа зориулсан “Хувьцаатай өндөг” хөтөлбөрийг өнгөрсөн баасан гарагаас хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ нь “Сувиллын өндөг” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр E-CODE аппликейшн татан өндөг бүрт 5 төгрөг (egg point) хуримтлуулж, хуримтлалын дүнтэй дүйцэх хувьцаа авах юм.