Завханд малын хулгай буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-05 21:19:35

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Мал мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээг нэг сарын турш явуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлыг газар, Мал эмнэлгийн газруудтай хамтарсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 сумын алба хаагчид сум бүрдээ малын хулгайгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэн, малчдад ухуулга сурталчилгаа хийх, малын хулгайн хуулийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох, малчид, иргэн бүрийг малын хулгайгаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн яаж хамтран ажиллах талаар зөвлөгөө мэдээллийг өгч байна. Мөн аймгийн төвөөс орох, гарах болон сум, аймаг, Улаанбаатар хотын чиглэлд пост ажиллаж, гэрчилгээгүй малын махыг тээвэрлэх, малыг амьдаар нь тээвэрлэж буй байдалд хяналт тавьж байна. Ер нь хяналтын постуудыг ажиллуулснаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гардаг. Түүнчлэн хулгайн мал, мах, түүхий эд, хориотой ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой юм. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа” нэг гэсэн өвөг дээдсийн сургаалаар эрдэнэт мал сүрэгтээ хүний, өөрийн гэж хандахгүйгээр хяналт тавьж, хот айл, ах дүүсээрээ нэгдэж малаа өдрийн хариулга, шөнийн манаатай байлгаж хэвшүүлье. Мөн малчдын идэвх санаачилгыг сум бүрд өрнүүлж бүлэг, сайн дурын нөхөрлөлийг зохион байгуулан, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  





24 суманд мал мах нэгдсэн арга хэмжээ үр дүнтэй болж байгаа

Завхан аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар нийт 204 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.1 хувиар өссөн байна.

Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс зургаан хэргээр буюу 21.5 хувиар буурсан байна. Энэ нь орон нутгийн төр захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, мэдээлэх, мэдээлэл солилцох ажиллагааг оновчтой зохион байгуулж, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэд, малчдын оролцоо нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа.

Тиймээс “Мал мах” нэгдсэн арга хэмжээний үеэр говийн бүсийн Эрдэнэхайрхан, Завханмандал болон Их-Уул, Цэцэн уул сумдад цагдаагийн хэсгийн алба хаагчид мал худалдан авч буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Сум бүрд байнгын болон хөдөлгөөнт постоор дамжин өнгөрсөн мал мах ачиж явсан болон малын гаралтай түүхий эд, арьс шир ачиж явсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалтыг явуулж байна. Энэ үеэрээ  малын гарал үүслийн бичигт дурдсан зүс им тамгатай тулгалт хийж хянаж буй нь үр дүнгээ өгч байгаа гэж аймгийн Цагдаагийн нэмж мэдээлэв. Ташрамд мал мах нэгдсэн арга хэмжээг аймгийн 24 суманд идэвхтэй явуулж, өвлийн идэшний хугацаа дуустал үргэлжлүүлнэ гэж тус Цагдаагийн газраас мэдээлэл өглөө. 


Холбоотой мэдээ