Тээвэр, шатахууны зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр хэмнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны
төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн
төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний
27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу 30 байхаар тооцжээ. Тодруулбал,
төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1
хувьтай тэнцэхээр төсөлд тусгасан байна. Засгийн газар 2021 онд цар тахлын үед
авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг бууруулж,
төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг
хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газар ирэх жил татвар нэмэхгүйгээр
бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглах, байгалийн баялгаас татварыг бүрэн
хурааж, төсвийн орлогыг нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн татварын үйлчилгээг
чирэгдэлгүй, түргэн шуурхай болгохоос гадна татвараас зайлсхийх боломжгүй
болгож, хууль бусаар замбараагүй олгосон газрын лицензүүдийг цэгцлэх зэрэг
бодлого баримтлах юм. Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг
хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих ажлыг ирэх оны эхний хагас жилд
үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100
мянган төгрөг болгон олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа
шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган
төгрөгөөр нэмсэн шийдвэрийг ирэх жилийн эхний хагас жилд хэрэгжүүлэх аж.
Түүнчлэн сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан
хязгаарт багтаан бие даан тогтоох эрх олгох
аж.
Иил 62 сургууль, 53
цэцэрлэг, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр барихаар төлөвлөсөн байна. Мөн
гүүрийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны сүлжээний 3,
инженерийн шугам сүлжээний 26 төсөл хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Эзэн Чингис хааны
музей, Үндэсний төв номын санг 2021 онд ашиглалтад оруулах бол Үндэсний
урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж,
2022 онд дуусгахаар төлөвлөсөн юм.
Хуулийн төсөлтэй
холбогдуулан УИХ-ын гишүүд болон байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй
санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, Эрүүл мэнд, боловсрол, хил гаал,
мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахаас бусад салбарын
төсвийн ерөнхийлөн захиргачдын тээвэр, шатахууны зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр, томилолт,
зочны зардлыг 604 сая төгрөг, нийгмийн халамжийн зардалд хүүхдийн мөнгөн
тэтгэмжид тусгаснаас бусад халамжийн зардлыг 26.4 тэрбум төгрөгөөр бууруулах
саналыг дэмжлээ. Түүнчлэн эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих 1.8 тэрбум
төгрөг, Олон улсын залуучуудын ногоон наадам зохион байгуулах 9.6 тэрбум
төгрөг, АШУҮС-ын түшиц эмнэлэгт олгох татаасаас 3.7 тэрбум төгрөгийг хасах
болов.
Ийнхүү ирэх оны төсвийн
төслийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.