Анхдугаар хуралдаанаар Б.Батжаргалыг ИТХ-ын даргаар сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-03 17:12:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан товын дагуу өнөөдөр өглөө 11.00 цагт хуралдах байсан ч хойшилсоор 15.40 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхэлсэн юм. Анхдугаар хуралдааны эхэнд ард түмний итгэлийг хүлээж, ялалт байгуулсан 39 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, төлөөлөгчийн тэмдгийг гардууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн гурван асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны дэг ёсоор аймгийн ИТХ-д олонх болсон АН-аас Батсуурийн Батжаргалыг нэр дэвшүүлсэн бол МАН-аас ард түмний сонголтыг хүндэтгэж, нэр дэвшүүлээгүй юм.

Ингээд Архангай аймгийн ИТХ-ын даргаар АН-аас нэр дэвшүүлсэн Б.Батжаргалыг нийт 39 төлөөлөгчийн 20 буюу 51.3 хувийн саналаар сонгож, анхдугаар хуралдаанаа удирдуулж байна.

Аймгийн ИТХ-ын шинэ дарга Б.Батжаргал хуралдаанаа удирдаж, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонголоо. 11 Тэргүүлэгч байх ба АН-аас Б.Батжаргал, Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, Д.Бат-Эрдэнэ, Л.Лхагвадорж, Б.Санжмятав, Р.Нямдорж, МАН-аас Б.Цэрэннадмид, Ц.Мөнхнасан, Д.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгов.

Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал эхлэхэд АН-аас Д.Золжаргалын нэрийг дэвшүүлсэн бөгөөд МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авснаар анхдугаар хуралдаан түр завсарлаад байна.

Холбоотой мэдээ