УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-03 16:49:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу өнөөдөр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, санал хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга холбогдох тайлбар, мэдээллийг өгөв. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж батлах эсэхийг шийдвэрлэнэ. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан УИХ-ын тухай хуульд нийцүүлэн тавдугаар сарын 13-нд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулах явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан тул нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.


УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.


Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.


Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.


Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Холбоотой мэдээ