Орон нутгийн үйлдвэрлэгчид хөнгөн үйлдвэрлэлийн туршлага, технологитой танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-03 15:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас аймаг орон нутгийн оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох сургалтыг энэ сарын 2-4-нд зохион байгуулж байна.


Энэ удаа Өмнөговь аймгийн оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдэд хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөтөлбөр, “Денимон” ХХК-ны  Urban брэнд, “Три Флэймс” ХХК-ны хадлан дээлний үйлдвэрлэл болон техник, технологийг сонирхуулав. Мөн “Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн зохион  байгуулалт” сургалт, “Мон Ит Булигаар” ХХК,  “Мон Ирээдүй” ХХК арьс шир боловсруулах үйлдвэр, “Блюскай” ХХК даавуу нэхэх үйлдвэрийн ажилтай танилцуулж байна.

Энэ үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны санаачлагаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн ач холбогдлыг таниулах, сайн туршлагыг сурталчлах, дэлгэрүүлэхээр Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

 

                “Денимон” ХХК  бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорьж байна

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, брэнд хөгжүүлэлтээрээ улсын оёдлын салбарт жийнсэн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулдаг “Денимон” ХХК манлайлж яваа аж ахуй нэгж.  Цаашид үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, гадны зах зээлд борлуулах, экспортлогч компани болох зорилготой. Мөн зулхайн үйлдвэрт даавууны хаягдлаа нийлүүлж, хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа


“Денимон” ХХК 2009 онд байгуулагдаж, Монгол улсад анх удаа “Деним” буюу жийнсэн материал”-аар хувцас үйлдвэрлэх эхлэл тавих, технологи нутагшуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Энэ цагаас хойш дан ганц өмд үйлдвэрлэж байсан бол 2015 онд үндэсний баяр наадмын  гоёл болох Монгол цамц, хүрэм, хантааз, дан дээл зэрэг бүтээгдэхүүнийг жийнсээр урлан, “Хүрээ” коллекцийг хөгжүүлжээ.


2017 оноос брэнд бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт оруулж, 10 гаруй нэр төрлийн хувцасыг зах зээлд гаргасан. Одоогоор эрэгтэй /бариу, нарийн, шулуун, банана, каррот/,  эмэгтэй /бариу, шулуун, нарийн, банана, трапец, MOM/ зэрэг олон төрлийн жинсэн өмдийг өнгө загварын өргөн сонголттой үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

Мөн жинсэн цамц, пиджак, яак, дотортой хувцас, футболка, цамц, бомбер, юбка, богино өмд, хүрэм зэрэг өдөр тутмын болон ажлын хувцасыг стандартын дагуу захиалгаар хийдэг. Цагаан сар, үндэсний баяр наадмаар “Хүрээ” үндэсний хувцасны коллекцио танилцуулдаг уламжлалтай болжээ.

 

Бүтээгдэхүүнээ ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын Өвөр Монголд экспортолж байна

“Три Флэймс” ХХК нь өвлийн хүрэм, тусгай зориулалтын цүнх, дөрвөн улирлын аяны хөнжил, хадлан нэрийн дээлийг импортын бараатай өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэж байна. 

Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай загварын шийдэлтэй хадлан нэрийн бүтээгдэхүүн АНУ, Канад, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол зэрэг улсад экспортолж байна. Компани жилдээ 6000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 30 гаруй ажлыг байр бий болгожээ.


Хадлан дээл нь уламжлалт үндэсний монгол дээлийн материал, загварын хувьд орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн “Flames” брэнд бүтээжээ.

Энэ бүтээгдэхүүний онцлог давуу тал нь гадар материал ус салхины хамгаалалттай, дотор биеийн дулаан 70 хувь барьдаг, хөнгөн цагаан ялтсан нано материал бүхий сөдөн синтепон, ханцуйн манжеткатай, олон тооны халаастай, дөрвөн улиралд хэрэглэх боломжтойгоор үйлдвэрлэжээ.

Энэ бүтээгдэхүүнээрээ Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын бүтээгдэхүүний загварын патент эзэмшдэг аж.

Холбоотой мэдээ