Шинэ Зеландын Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-03 12:26:04

ВЕЛЛИНГТОН. /SCMP/. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн эрэгтэй Шадар сайдаар, нүүрэндээ шивээстэй Маори эмэгтэй Гадаад хэргийн сайдаар томилогдлоо.


Зүүний төвч үзлийг баримтлагч Ж.Ардерн бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа Засгийн газраа ийнхүү “гайхалтай төрөлжүүлэн" бүрдүүлсэн нь энэ юм. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд “COVID-19”-тэй тэмцэх, эдийн засгаа сэргээх үйл явцыг эрчимжүүлэхийг эн тэргүүнд тавина гэдгээ мэдэгджээ.


Ж.Ардерн Шадар сайдаар Грант Робертсоныг томилсноор ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн хүн анх удаа уг албан тушаалыг хашихаар болжээ.


Хорин гишүүний бүрэлдэхүүн бүхий Засгийн газарт эмэгтэйчүүд болон Маори үндэстний төлөөлөл багтаж байгаа бөгөөд эрүүн дээрээ уламжлалт шивээстэй эмэгтэй Наная Махутаг Гадаад хэргийн сайдаар томилсон байна.


Шинэ Засгийн газар баасан гарагт тангараг өргөнө. 

Холбоотой мэдээ