Усны сан бүхий хамгаалалтын бүсэд олгосон 14 га газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-02 13:19:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооноос ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын зурваст шинээр олгосон 14 га газрын зөвшөөрлийг цуцлах тухай шаардлагыг мэргэжлийн байгууллагуудад хүргэн ажиллалаа. 

Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 11\06 дугаар хуралдааны үеэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөөр Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвас газар”-т 14 га талбайг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр  баталжээ.

Ийнхүү төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын зурвас газарт 14 га газрыг 350 иргэнд олгож байгаа нь “Усны тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.4.3 дахь заалтыг зөрчиж байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230\127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”,  Ховд аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8\11 дугаар “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох” тухай тогтоолыг тус тус зөрчиж буй. 

Энд газар олголт хийснээр Ховд аймгийг ундны усаар хангаж буй төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр бохирдох, нөхөн сэргээгдэх ундны усны нөөц хомсдох, иргэдийн тасралтгүй найдвартай цэвэр усаар хангагдах эрх хязгаарлагдах, цаашлаад хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Иймд Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооноос уг зөрчлийг арилгах асуудалд анхаарч, дараах шаардлагыг хүргүүлсэн байна. 

Үүнд аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтийн тавдугаар хавсралтыг хүчингүй болгох, төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг баталгаажуулж, хашаажуулах гэж тусгажээ.  

Энэхүү шаардлага, албан бичгийг Ховд аймгийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналт, БОАЖГ, УЦУОШТ зэрэг байгууллагад танилцуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбоо байгуулагдаад нэг жил гаруй хугацаа болж байна. Тус холбоонд салбар бүрийн инженерүүд гишүүнчлэлээр орсон байдаг ба олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.   

Холбоотой мэдээ