ЕАБХАБ-ын ажиглагчид АНУ-ын 28 муж улсын сонгуулийн явцыг ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-02 10:15:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Ардчилсан институц, хүний ​​эрхийн товчоо АНУ-ын 28 муж улсын сонгуулийн үйл явцыг ажиглана гэж тус байгууллагын төлөөлөгч Катя Андруш мэдээлжээ.


“Сонгуулийн явцыг хянах АНУ-ын Төрийн департаментын урилгыг хүлээж авсан. Ажиглагчдын багийг яг хаана байрлуулахаа шийдэхдээ бид янз бүрийн муж улсад сонгууль зохион байгуулах газар зүйн болон техникийн нөхцөлийн хувьд тэнцвэртэй байдлыг хангах зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.


Товчооны гишүүд есдүгээр сарын 29-нд АНУ-д ажиллаж эхэлсэн байна. Ажиглагчдын багийн бүрэлдэхүүнд Албани, Армени, Азербайжан, Босни ба Герцеговина, Чех, Гүрж, Герман, Молдав, Монтенегро, Хойд Македон, Серби, Швейцарь, Тажикистаны төлөөлөгчид багтжээ.


ЕАБХАБ анх АНУ-д 500 орчим ажиглагчаа илгээхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас тоог нь цөөрүүлсэн гэж Нью-Йорк дахь “Гадаад харилцааны зөвлөл” төрийн бус байгууллага мэдээлсэн байна.


11 дүгээр сарын 3-нд буюу ирэх лхагва гарагт болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, мөн 13 муж улс болон орон нутгийн захирагч нарыг сонгоно. Ерөнхийлөгчийн суудлын төлөө Бүгд Найрамдах намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас Жозеф Байден нар өрсөлдөнө. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг 2021 оны 1 дүгээр сарын 20-нд хийхээр товложээ.


Холбоотой мэдээ