Дулааны станцуудын өвлийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-31 18:21:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэлийн бэлэн байдал өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. 

Улсын хэмжээнд эрчим хүчний 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК энэ өвөлд бэлтгэн 1400 гаруй тонн шингэн түлш нөөцлөөд байна. Мөн Багануур, Шивээ-Овоо уурхайгаас 3.5 сая тонн нүүрс авах аж. 

Өнгөрсөн 2019-2020 оны өвөл тус станцаас хамааран шалтгаалсан цахилгаан, дулааны тасалдал гараагүйг мэдээлж байна. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлт жилээс жилд 5-8 хувиар нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тус станц 4 турбиныг шинэчилж, хүчин чадлаа 89 мянган мегаваттаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус станц 9 тоноглолд их засвар болон шинэчлэл хийжээ. Өвлийн бэлтгэл ажлыг 12 дугаар сард бүрэн дуусгахаар шахуу хуваарьтай ажиллаж байгааг мэдээллээ. 

Аймаг, орон нутагт цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл, бэлэн байдал мөн 90 гаруй хувьтай байна. Жишээ нь, Өмнөговь аймаг дахь Даланзадгадын дулааны цахилгаан станц 3 зуух, 2 турбин генератортой хэвийн горимоор ажиллаж 1200 гаруй айл өрх, төсвийн 44 аж ахуй нэгж, 130 гаруй байгууллагын цахилгаан, дулаанаар хангаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор Дулаан түгээх-5 төвийн өргөтгөл шинэчлэлийг аймгийн хөрөнгө оруулалтаар хийжээ. Өргөтгөл шинэчлэлийг хийсэн ААН, компаниудын үйл ажиллагаанаас хамааран дулаан түгээх ажил хойшлогдож байснаас өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн эрчим хүч, дулааныг хэсэгчилсэн байдлаар өгчээ. 


Холбоотой мэдээ