Олон улсын тээврийн чуулганд Монгол Улс албан ёсны гишүүнээр оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-31 15:02:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын тээврийн форум (ITF)-ын Тээврийн удирдах зөвлөлийн ээлжит 32 дахь удаагийн хуралдаан өчигдөр цахимаар боллоо. Энэ удаагийн хуралдаанаар байгууллагын үйл ажиллагааг онцгой нөхцөл байдлын үед хэрхэн зохион байгуулах, 2021 онд болох Тээврийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх асуудлын сэдвийг тодорхойлох талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Хуралдаанд Монгол Улсаас ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцлоо. Энэхүү хуралдаан нь Монгол Улс олон улсын тус байгууллагад гишүүнээр элсэн орсноос хойш зохиож буй анхны хуралдаан юм. 


Дэлхий дахинд бүх төрлийн тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий Олон улсын тээврийн форумыг 2006 онд анх байгуулсан бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын дэргэдэх байгууллага юм. Монгол Улс уг байгууллагын 62 дахь гишүүнээр энэ оны 7 дугаар сард албан ёсоор элсэн орсон. Өмнө нь ажиглагч-түнш орны хувиар үйл ажиллагаанд нь оролцож ирсэн юм. Олон улсын тээврийн форумын үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг гол арга хэрэгсэл нь ХБНГУ-ын Лайпциг хотноо жил бүр зохион байгуулдаг Чуулган болон Тээврийн сайд нарын уулзалт аж. 


ITF нь олон улсын болон бүс нутгийн түвшинд газрын тээврийг хамгийн оновчтой хөгжүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин зохицуулах, салбарын үйл ажиллагааг эрхлэх байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой, 62 орон тус байгууллагад гишүүнчлэлтэй ажээ.

Манай улс тус байгууллагад гишүүнчлэлээр элссэнээр дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад, бэрхшээл буурах төдийгүй тулгарч буй асуудлыг олон улсын түвшинд Тээврийн сайд нартай хамтран шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.



Холбоотой мэдээ