Европын холбоо эрүүл мэндийн салбарт 1 сая еврогийн дэмжлэг үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-30 14:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос манай улсын эрүүл мэндийн салбарт ирэх 3 жилд нэг сая еврогийн дэмжлэг үзүүлнэ. Мөн ДЭМБ-аас 62 мянган еврогийн дэмжлэг үзүүлж байна. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх, мөн мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх юм гэдгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа өнөөдөр ЭМЯ-нд болсон "COVID-19"-ийн цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ" хамтарсан төслийн нээлт дээр онцоллоо. 


Тэрээр, төсөл нь "COVID-19"-ийн цар тахлын үр нөлөө болон хор хохирлыг бууруулах, үндэсний хэмжээнд хариу арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулж бэлэн байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйг тодотгов. "Монгол Улс "COVID-19"-ийн цар тахлын үр нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэн хүчин чармайн ажиллаж буйг бид үнэлж байна. Энэ төсөл нь Европын Холбооноос хариу арга хэмжээнд Монгол Улсад үзүүлж буй 37.5 сая еврогийн нэг хэсэг юм гэдгийг тэмдэглэв. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дээрх төслийн хүрээнд орон нутгийн лабораториудын чадавхийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламжийн бэлэн байдлыг хангах, олон эх сурвалжит мэдээллийн тандалтын тогтолцоо, мөн хяналт, үнэлгээний механизмыг бүрдүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарахаа мэдэгдэж, төслийг эхлүүлж дэмжин туслаж буй Европын холбоо болон ДЭМБ-д талархалаа илэрхийлэв. 


ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, "Би энэхүү төслийг ЭМЯ, Европын холбоо, ДЭМБ-ын хамтарсан санаачилга гэж нэрлэх нь илүү  тохиромжтой  гэж үзэж байна. Төсөл нь эхлэх, дуусах өдөртэй боловч Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хөрөнгө оруулж, урт хугацааны үр дүн авчирна гэж итгэж байна. Үндэсний чадавхийг  бэхжүүлснээр "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл дэх бэлэн байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд гарч болзошгүй халдварын дэгдэлт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлтгэл хангах болно. Төслийн үр нөлөө нь төсөл дууссаны  дараа үргэлжилсээр байх болно" гэдгийг онцлов.



Холбоотой мэдээ