Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дэмжлэг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-10-30 17:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас иргэдийн нуруун дээр ирэх дарамтыг багасгах нэр бүхий олон улсын байгууллагуудаас санхүүжүүлэх  хэд хэдэн гэрээний төслийг  Засгийн газар УИХ-д оруулж соёрхон батлууллаа. Тухайлбал, Монгол хүн ажилтай орлоготой болох, бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжтой, гарцтай болох нөхцөлийг бүрдүүлэх төслийг  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд “Онцгой байдал"-ын үеийн дэмжлэг болгон хэрэгжүүлэхээр болжээ. 


Уг төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох нөхцөлийг бүрдүүлнэ.  


"Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй” гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаа (2020-10-29)-нд хийсэн танилцуулгадаа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ.


Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих дээрх төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяаны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн  нэгж хэрэгжүүлэгчээр ажиллах юм байна. “Зээлийн  10 сая ам.долларыг нийгмийн даатгалын шимтгэл татан төвлөрүүлэхэд зарцуулна. Харин үлдсэн 10 сая ам.долларын 6,5 сая нь арилжааны банкаар дамжин 10-11 хувийн хүүтэй зээл болж, болзол хангасан иргэн, аж ахуйн нэгжид очно. Уг зээлд  1400 орчим бичил бизнес эрхлэгчид хамрагдана. Түүний үр дүнд  ажлын байр 3-4 мянгаар нэмэгдэнэ гэсэн судалгаа байгаа.   Хаан банк, Төрийн банкаар дамжуулан зээл олгохоор гэрээ хийсэн” гэж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Батцэцэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаа (2020-10-29)-нд тайлбар хийжээ. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахааар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн  66.7 хувь нь  дэмжжээ.


Дэлхий банкны, Олон улсын хөгжлийн ассоциацаас хэрэгжүүлэх болсон нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт (ажил хайгч), нийлүүлэлт  (ажил олгогч бичил бизнест) 2 талд олгосон дэмжлэг гэж ойлгож болох бололтой. Ийм учраас олон нийтэд хүргэж байгаа нь энэ. 

Холбоотой мэдээ