Баруун бүсийн эмч нарын ажлын байрны сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-30 12:20:31

Ховд /МОНЦАМЭ/. Эмгэг судлалын Үндэсний төвөөс "Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүсчилсэн сургалтыг үе шаттай зохион байгуулж буй.

Тодруулбал, орон нутгийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Эх хүүхдийн эмгэг судлал" сэдэвт баруун бүсийн эмч нарын ажлын байрны сургалтыг аравдугаар сарын 29-30-ны өдөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зохион байгууллаа. 

Сургалтад Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн эмгэг болон эс судлаач, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл 50 гаруй хүн оролцов. 

Сургалтын хүрээнд эхийн эндэгдлийн шалтгаан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, нарийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулах, эрүүл мэндийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, эх нярайд тав тухтай орчин бүрдүүлэх, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлэхийн төлөө багаар хамтран ажиллах талаар санал солилцжээ. Мөн аливаа эмгэг, хавдрын оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээнд олон улсын стандартыг мөрдөх чиглэлд анхаарч ажиллахаар ярилцжээ. 

Холбоотой мэдээ