Тайваньчууд Баян-Өлгий аймагт гэр сувилагчийн пост байгуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-29 17:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт байгуулсан гэр сувилагчийн постоо хандивлах ёслолыг тайваньчууд өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.


Тус аймгийн Алтай суманд байгуулсан энэхүү гэр сувилагчийн постыг эмнэлгийн ор, цусны даралтын аппарат, хөнгөн шарх, гэмтэл бэртлийн үед анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл, ариутгалын бодис болон мотоцикл зэргээр хангажээ.

 

Гэр сувилагчийн постоор дамжуулан мориноос унаж бэртсэн, тулгуур эрхтний гэмтэл авсан, яс хугарсан болон түлэнхийн шархтай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

  

“Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ /MFSDA/-ийн гүйцэтгэх захирал С.Болд хэлэхдээ, “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ өнгөрсөн жилүүдэд Монгол Улс дахь Тайванийн төлөөлөгчийн газартай хамтран хөдөө орон нутагт сувилагчийн постууд байгуулсаар байна. Сувилагчийн пост байгуулсан аймаг орон нутгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж чаддаг хэмээн сайшаан талархалтай ханддаг. Энэхүү сувилагчийн пост нь сумын төвөөс 20 километрийн зайтай бүсэд байрлан аймгийн орон нутгийн засаг захиргаанаас уг сувилагчийн постод хяналт тавина” хэмээв.

 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Манай төлөөлөгчийн газар “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ-тай хамтран Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь аймагт сувилагчийн пост байгуулсан бөгөөд энэ удаад 5 дахь сувилагчийн постоо Монгол орны хамгийн баруун бүсийн аймагт байгуулж байгаа төдийгүй энэ нь анхны монгол гэр хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сувилагчийн пост болж буйгаараа онцлог юм” хэмээв.   

 

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон” тус сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэгээхэн жишээ юм. Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан Баян-Өлгий аймагтай харилцаа хамтын ажиллагаатай бөгөөд  ЭХЭМҮТ-тэй хамтран Баян-Өлгий аймгийн хүүхэд багачуудыг шүдний болон хүүхдийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулжээ. 

Холбоотой мэдээ