Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар олгоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-29 14:17:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд сургалт зохион байгуулав.

Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас Монгол Улсын таван аймгийн 25 сумын хүүхэд залууст хувь хүний суурь ур чадвар, энтрепренершип боловсрол олгох замаар тэдний сурлагын амжилтыг ахиулах, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

2019-2023 онд хэрэгжих тус төсөлд 14-25 насны хүүхэд, залуусыг хамруулах юм. Энэ хүрээнд Ховд аймгаас сонгогдсон зорилтот зургаан сумын хүүхэд, залуусыг сургууль болон хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол, төсөл бичих, хэрэгжүүлэх арга зүй зэрэг сэдвээр хэрэгцээт мэдлэг олгох сургалтад оролцуулна. Улмаар тэдний төслийн сонгон шалгаруулалт хийж, санхүүжилт олгох аж. 

Үүнтэй холбогдуулан тус төслийг хэрэгжүүлэхээр сонгосон Ховд аймгийн зорилтот сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулж, хувь хүний ур чадварыг сайжруулах чиглэлд шинэ мэдлэг, мэдээлэл түгээв.

Ховд аймагт ажилгүйдэл нэлээд бий. Тиймээс төслийн үр дүнд аймаг, орон нутгийн хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай залуу боловсон хүчин болгон бэлтгэх боломж бүрдэх аж.   

Холбоотой мэдээ