Стратегийн ордыг ашиглаж тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-26 11:25:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Хуулийн төсөлд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор заасныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллийн үеэр онцлов. 


Өнөөдрийн байдлаар нийт 441 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авч байгаагаас 277 мянга 527 нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын дийлэнх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож хувийн өмч, хадгаламж хуримтлуулаагүй байгаагаас ядууралд өртөх гол шалтгаан болж байгаа аж. 


УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, "Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нь ахмадуудын амьжиргаанд хаанаа ч хүрэхгүй. ҮСХ-ны гаргасан судалгаагаар өрхийн дундаж зардал 1.5 сая төгрөг гэж дүгнэжээ. Хоёр ахмад нийлээд ч амьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн. АН хавтгайрсан халамжийн бодлогыг дэмждэггүй. Харин халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой. Эдгээр ахмадууд улсаас халамж гуйж байгаа бус, залуу насандаа хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж, авах ёстой хууль ёсны тэтгэврээ авч байгаа юм" хэмээн мэдээлэлдээ тэмдэглэв. 


Хуулийн төсөл нь санхүүгийн эх үүсвэр, хамрах хүрээ, хэрэгжүүлэх журам зэрэг долоон хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэдэд тэгш, шударга хүртээнэ гэж заасан зарчмыг баримталж байгаа гэдгийг онцолсон. Тодруулбал, цар тахлын улмаас улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед стратегийн орд газруудыг хурдан эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нь дээшлүүлж санхүүжилтийг шийдэхээр төлөвлөжээ.


УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолд зургаан стратегийн орд газрыг маш яаралтай эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлэх байдлаар ард түмэнд хүртээнэ гэсэн зүйл оруулсан байна. Тиймээс дээрх хуулийн төсөл нь УИХ-ын холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа гэдгийг тодотгов. Үүнд Цагаан суваргын орд газраас гол санхүүжилтийг төлөвлөж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэлдээ дурдсан. Тодруулбал, Цагаан суваргын орд газартай 20 км орчимд төмөр зам очсон байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон үзэл баримтлалд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ гэж заажээ. Тиймээс уг орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжиж хамтран ажиллах зарчмыг баримтална гэдгийг мэдээлэлд тэмдэглэсэн. 


Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээллийн үеэр онцлов.

Холбоотой мэдээ