А.Эрдэнэсүрэн: Тоо толгой, үнийг тодорхой болгож малаа эргэлтэд оруулъя

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-22 19:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн өвөлжилтийн талаар Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин А.Эрдэнэсүрэнтэй уулзлаа. Сумынхаа бэлчээр ашиглалтын "Эвт Залаа" хоршооны даргаар ажилладаг тэрээр ноос ноолуурын салбарын тогтвортой байдлын зөвлөгөөнд оролцон нийслэлд ирээд байв. 

-Өвөлжилт хэр эхлэх төлөвтэй байна. Танай нутаг бэлчээрийн даац ямар байна вэ?

-Өвөлжилт хүндрэхээр байгаа. Манай сумын нутагт өнгөрсөн зун хур бороо багатай, хоёрхон удаа бороо орсон. Тиймээс газрын гарц муудсан. Ер нь бол говьд бол ган зуд болох давтамж нь ойртоод байна. Бэлчээрийн даац 4 хувиар хэтэрсэн. Одоогийн байдлаар манай сумын 240 мянган тоо толгой малын 80-аад мянган нь өөр аймаг, сумын нутагт оторлож байгаа. Манай суманд нэг баг 60 гаруй өрхтэй, багийн 30 хэдэн мянган мал одоо отор нүүдэл хийгээд явж байна. 

-Даац хэтэрсэн нөхцөлд бэлчээрээ яаж ашиглаж байна?

-Сумын бэлчээр ашиглалтын холбоо малчдын бүлгийг байгуулж ажилладаг. Нутаг дэвсгэртээ сумын Засаг даргатай ашиглалтын гэрээ байгуулан бэлчээрээ хуваарилан ээлжлэн ашиглаж ажилладаг. Бэлчээрийн хувьд малын тоо хэт ихэснээр даац хэтэрч байгаа юм. Тиймээс малыг эргэлтэд оруулах шаардлага тулгараад байна. Амьжиргаагаа бодохоор малчид, хэн хүнгүй малаа өсгөхийг бодож буй. Гэхдээ одоо малын тоогоо цөөрүүлж, чанаржуулах хэрэгтэй гэдгийг ойлгож эхлээд байгаа. 

Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу худалдаж борлуулах, түүхий эдээ үйлдвэрүүдэд нийлүүлэх талаар дээр, дооргүй ярьж байна. Гэхдээ яг одоо энэ талаар төр, засгаас гарсан нэгдсэн бодлого алга байна. Юу хэлэх гээд байна гэвэл тухайн аймаг, орон нутагт хэдий тооны малыг нядлах юм, мал мах нийлүүлэх үнэ ханш ямар байх юм гэсэн зүйлүүдийг тодорхой болгох хэрэгтэй байна. 

Т.Билгүүн

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ