Монголын боксын шилдэг тулаанчдын тэмцээн Эрдэнэт хотноо эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотноо ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит Монголын шилдгийн шилдэг
боксчдыг шалгаруулах тэмцээн энэ сарын 22-25-нд болж байна.
Боксын спортыг Эрдэнэт хотноо үүсгэн байгуулагч С.Баттулгын нэрэмжит тус тэмцээний гол зорилго нь ирэх жил болох “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, улмаар тив, дэлхий, олимпын наадамд хүчээ сорих шинэ залуу тамирчдыг төрүүлэхэд оршиж байгаа аж.
Энэ тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй боксчид 52, 57, 63, 69, 75 кг гэсэн 5 жинд өрсөлдөх бөгөөд тухайн жиндээ +2 кг жингийн зөрүүтэй байж болох юм. Харин эмэгтэйчүүд 48-51 кг, 57-60 кг, 69-75 кг гэсэн 3 жинд ур чадвараа сорино. Ийнхүү уг тэмцээнд Монголын боксын холбооноос гаргасан нэрсийн дагуу жин тус бүрийн шилдэг 8 тамирчин, 3 минутаар 3 үе өрсөлдөнө.
Жин тус бүрт 1,2, 3 дугаар байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Засгийн газраас олгодог хэмжээний мөнгөн шагналаар шагнах юм байна.
Энэхүү тэмцээнийг Монголын боксын холбоо, Улаанбаатар дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Спорт цогцолбортой хамтран зохион байгуулж байгаа юм.