Спортын төв ордонд 500 гаруй өсвөрийн самбоч ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-22 11:15:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төв ордны А зааланд 10 дугаар сарын 21-23-нд самбо бөхийн 2020 оны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах 27 дугаар тэмцээн болж байгаа юм. Өнөөдөр тус тэмцээний нээлтийн ёслол 15 цагаас албан ёсоор болно.

 

Тус тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцож байгаа “Женко” клубийн самбо, жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяртай уулзаж энэ удаагийн тэмцээний талаар сэтгэгдлийг нь авсан юм.


Тэрбээр, “Энэ удаагийн самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл, орон нутгийн 40 гаруй багийн 500 гаруй тамирчид ур чадвараа сорьж байна. Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” халдварын улмаас олон сар тэмцээн зохион байгуулаагүй болохоор тус УАШТ-д орон нутгаас олон өсвөрийн самбоч ирж оролцож байгаагаараа онцлогтой байгаа. Тухайлбал, баруун хязгаараас Ховд, Говь-Алтай, зүүн талаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг олон аймгаас өсвөрийн тамирчид ирсэн байна. Бараг жил шахам тэмцээн уралдаангүй болсон хүүхдүүд тэмцээнээр цангасан байх аргагүй юм. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. 2002 онд төрсөн буюу 18 хүртэлх насны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд барилдаж шилдгүүдээ тодруулах юм. Манай клубээс 50-иад хүүхэд оролцож байгаа бол Биеийн тамирын дунд сургуулиас 60 шахам хүүхэд энэ тэмцээнд хүчээ сорьж байгаа нь хамгийн олон тамирчинтай баг болж байна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ