НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргаашаас шилжүүлж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-21 20:46:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ онд НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа

Энэ дагуу НӨАТ-ын улирлын ээлжит буцаан олголтын мөнгийг энэ 7 хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлэх нь. Энэ оны III улиралд 993.469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөжээ. Энэхүү мөнгийг маргаашаас эхлээд иргэдийн данс руу шилжүүлж эхлэх аж.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас ажлын 7 хоногт багтаан хянаж дуусаад, мөн ажлын 2 хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтай юм. Энэ дагуу иргэдийн баримтын мэдээллийг хянаж, баталгаажуулан Сангийн яам руу илгээжээ.

Сангийн яам хүсэлтийг хүлээн авч төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцож буцаан олголтыг шийдвэрлэдэг. Үүний дараа Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч арилжааны банк руу буцаан олголтыг шилжүүлдэг хууль дүрэмтэй.


Энэ оны эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олгожээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яамнаас мэдээлсэн. 

Түүнчлэн НӨАТ-ын баримт олгохгүй аж ахуйн нэгжийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй.

Холбоотой мэдээ