Банкны үйлчилгээг харилцаа холбооны дэвшилтэт технологид шилжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-21 14:44:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байна. Тодруулбал, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнхийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах нь хурдацтай нэмэгдэж байгаа юм. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдээс хүргэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулснаа Б.Баттөмөр гишүүн хэлсэн юм.


Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд 6 бүлэг, 32 зүйлтэй. Үүнд ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалт бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ.


Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ