Конгогийн шоронгоос 900 гаруй гэмт хэрэгтэн, террористууд оргожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-20 17:05:48

ПРЕТОРИ. /TASS/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Бени хотын шоронгоос мягмар гарагт 900 гаруй хоригдол оргосны дотор аюултай гэмт хэрэгтнүүд, террористууд байгаа тухай тус улсын мэдээллийн “Actualite” цахим хуудас мэдээлжээ.


“Ардчилсан хүчний эвсэл” хэмээх террорист бүлэглэлийн босогчид Кангбайи шорон болон тус шоронгийн зэргэлдээ байрладаг цэргийн хуаран руу дайрсан. Террористууд шорон руу дайран орж, камеруудыг онгойлгон хоригдлуудыг сулласан” гэж Бени хотын даргын үүрэг гүйцэтгэгч Модест Бакванамаха мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уг шоронд ял эдэлж байсан 1000 гаруй хоригдлын ердөө 110 нь л оргон зайлахаас татгалзаж, үлджээ.


Бени хотын олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүдийн мэдээлж буйгаар, террористуудыг дайрах үед Кангбайи шоронд “Ардчилсан хүчний эвсэл”-ийн босогчдыг оруулаад 1500 гэмт хэрэгтэй хоригдож байсан аж. Хоригдлуудын заримыг чанга дэглэмтэй хорих ангиуд руу шилжүүлэх гэж байсан байна.


Өмнө нь 2017 оны зун "Май-май" хөдөлгөөний босогчид Бени хотын шорон руу дайрч 930 гаруй хоригдлыг суллаж, 11 хүний амийг хөнөөж байжээ.


“Ардчилсан хүчний эвсэл”-ийг Угандагийн баруун нутагт орших лалын шашны бүлэглэл 1995 онд тус улсын засгийн газрыг эсэргүүцэгч лалын шашинтнуудын бүлэглэлийн хувиар байгуулсан байна. 2003 онд Угандагийн Зэвсэгт хүчинд бут цохиулсны дараа тус бүлэглэлийн отрядууд Конгогийн зүүн нутагт нуугджээ.


НҮБ-ын тооцоолсноор, өнгөрсөн онд “Ардчилсан хүчний эвсэл” бүлэглэлийн босогчдын гарт Конгогийн зүүн нутгийн 1000 гаруй энгийн иргэн амиа алдсан байна. Конгогийн аюулгүй байдлын албанаас мэдээлж буйгаар, тус бүлэглэлийн толгойлогчид сүүлийн жилүүдэд Сомалийн лалын шашинтнуудын “Аш-Шабаб” гэх мэт олон улсын террорист байгууллагуудтай холбоо тогтоожээ.


Холбоотой мэдээ