Пашинян, Алиев нар Москвад хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-20 10:08:49

МОСКВА. /RT/. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай Уулын Карабахын асуудлаар хэлэлцээ хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотод эсвэл өөр газарт хүрэлцэн очиход бэлэн байгаагаа мэдэгджээ.


“Уулын Карабахын мөргөлдөөнийг тайван замаар шийдэх ёстой. Ийм үр дүнд хүрэхийн тулд би бүхий л хүчин чармайлтаа тавьж, хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Пашинян ОХУ-ын зуучлалтайгаар хэлэлцээ хийхээр өөрөө Москвад хүрэлцэн ирэхэд бэлэн байна уу? гэдэг асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ тэрбээр Уулын Карабахын мөргөлдөөнийг харилцан буулт хийсний үндсэн дээр шийдэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Аль нэг тал нь буулт хийх бус харилцан буулт хийх ёстой” гэж Арменийн Ерөнхий сайд цохон тэмдэглэв.


Азербайжаны Ерөнхийлөгч мөн ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө, Баку Москвад эсвэл өөр газар Арменитай Карабахын асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.


“"Бид мөргөлдөөнийг зогсоож, асуудлыг шийдвэрлэх арга замыг олохын тулд Москвад эсвэл өөр газарт уулзахад үргэлж бэлэн байна" гэж Алиев хэлсэн байна.


Уулын Карабахын байдал хүнд хэвээр байна. Сөргөлдөгч талууд ОХУ-ын зуучлалтайгаар хоёр ч удаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ