Сүга дээд түвшний хэлэлцээ хийхээр Индонезид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-20 09:53:54

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийхээр Индонезид өнөөдөр айлчилна. С.Ёшихидэ Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фуктай даваа гарагт уулзсанаасаа хойш нэг өдрийн дараа Индонезид айлчлах юм.


Ж.Видодотой уулзах үеэрээ С.Ёшихидэ Индонез нь Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гол гишүүн орны хувьд Япон улстай эрх чөлөө, ардчилал зэрэг үндсэн үнэт зүйлсийг хуваалцдаг стратегийн түншүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэх төлөвтэй байна.


Мөн талууд Хятадын далай тэнгис дэх өсөн нэмэгдэж буй нөлөө гэх мэт бүс нутгийн өргөн хүрээний асуудлыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоно хэмээн С.Ёшихидэ найдаж байна. Түүнчлэн тэрбээр хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг ойрын хугацаанд товлох хүсэлтэй байгаа ажээ.


Япон Индонезтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд батлан хамгаалахын техник хэрэгслийг шилжүүлэх тухай хэлэлцээг эрчимжүүлэх замаар уг зорилгодоо хүрнэ хэмээн найдаж байгаа юм байна.


Шинэ коронавирусний цар тахал Индонезийн эдийн засагт хүнд цохилт болсон бөгөөд тус улс нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас халдварын тохиолдлын нийт тоогоороо нэгдүгээрт бичигдэж байгаа юм.


С.Ёшихидэ Японоос Индонезид санхүүгийн тусламж үзүүлэхийн тулд иенийн зээл санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлэх төлөвтэй байна. Мөн сувилагч, асрагчдыг Индонезоос Япон руу нэвтрэх хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөний талаар Ж.Видодотой хэлэлцэх хүсэлтэй байгаа ажээ.


Японы Ерөнхий сайд даваа гарагт Вьетнамын сэтгүүлчдэд Ж.Видодотой хийх уулзалтынхаа талаар мэдээлэхдээ, Япон, Индонез цар тахал, эдийн засаг зэрэг олон төрлийн асуудлаар тууштай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх харилцааг цогцлооно хэмээн найдаж байна гэжээ. 

Холбоотой мэдээ