Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дахин сонгууль явуулна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-20 08:29:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа гишүүдийн хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад танилцуулж, албан ёсоор хүлээлгэн өглөө.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Сэлэнгэ аймгийн ИТХ-д 37 төлөөлөгч сонгогдсоноос МАН-аас 23 төлөөлөгч буюу 62.16 хувь, АН-аас 14 төлөөлөгч буюу 37.84 хувийг эзэлжээ. Хүйсийн байдлаар эрэгтэй 32, эмэгтэй 5 төлөөлөгч сонгогдсон байна. Боловсролоор нь авч үзэхэд дээд боловсролтой 31, бүрэн дунд боловсролтой гурав, тусгай дунд боловсролтой  гурав төлөөлөгч байна.

Ажил мэргэжлийн хувьд Төрийн захиргаа удирдлагын менежер, Эдийн засагч, инженер, эрх зүйч, багш, бусад мэргэжлийнх байгаа аж. Хамгийн өндөр настай төлөөлөгч 65 настай, хамгийн залуу нь 29 настай төлөөлөгч байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Зүүнбүрэн сумын ИТХ-д хоёр нэр дэвшигчийн дүн тэнцсэн тул энэ сарын 25-нд дахин сонгууль явуулахаар болжээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа шинэ бүрэлдэхүүнтэй ИТХ-ыг ойрын хугацаанд хуралдуулна
 хэмээгээд ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ