Алиев: Армени үр дүнтэй яриа хэлэлцээ хийвэл байлдааны ажиллагааг зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-20 08:58:23

БАКУ. /Report.az/. Хурцадмал байдал одоог хүртэл намжаагүй нь бидний буруу биш юм хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Оросын “TASS” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.


"Хурцадмал байдал одоог хүртэл намжаагүй нь бидний буруу биш юм. Азербайжан зохицуулах зарчмыг баримталдаг гэдгийг би нэг бус удаа мэдэгдсэн. Энэ зарчмыг олон жилийн яриа хэлэлцээний үйл явцаар боловсруулсан. Армени яриа хэлэлцээг үр дүнтэй байлгавал бид маргааш гэхэд ч байлдааны ажиллагааг зогсооход бэлэн гэдгээ би ойрын өдрүүдэд олон нийтэд мэдэгдэл хийх, хэвлэлийн төлөөлөгчидтэй холбоо тогтоох үеэрээ мэдэгдээд байгаа билээ" гэж тэрбээр ярьжээ. 


"Гэсэн ч Арменийн эрх баригчдын мэдэгдлүүд нь ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн боловсруулсан үндсэн зарчмуудтай бүрэн харшилдаж байна. Саяхан Арменийн удирдлага үндсэн зарчмуудыг бодитоор үгүйсгэсэн маш аюултай мэдэгдэл хийсэн. Үндсэндээ Арменийн шинэ удирдлагын бүхий л үйл ажиллагаа яриа хэлэлцээний явцыг тасалдуулахад бус бүр бусниулахад чиглэжээ. Азербайжаны энгийн иргэдийг өдөөн хатгах, тэдэн рүү халдаж буй тухай би маш олон мэдэгдэл хийсэн. Иймд Арменийн тал цэргийн өдөөн хатгалга сүйрэлд хүргэнэ гэдгийг эцсийн дүндээ ойлговол бид байлдааны ажиллагааг дахин зогсоож, яриа хэлэлцээ хийх асуудлыг шийдэхэд бэлэн байна" гэж Алиев мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ