УИД-ийн өмнөх гарц дээр явган зорчигчийг мөргөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-15 16:05:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИД-ийн өмнөх явган хүний гарцаар, ногоон гэрлэн дохиогоор зорчиж байсан иргэн М-г  “Toyota prius” маркийн автомашин хүчтэй мөргөж, гэмтээсэн хэрэг өчигдөр буюу энэ сарын 14-ны өглөөний 10.30 минутад гарлаа.

Хэргийн шалтгааныг тодруулбал, явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож зам тавьж өгнө гэж Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан байдаг. Гэтэл “Toyota prius” маркийн автомашины жолооч энэ дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байна.

Мөргөсөн автомашины өмнө явсан ногоон, цагаан хоёр өнгийн автомашиныг Тээврийн цагдаагийн алба олж тогтоосон бөгөөд одоо зөрчлийг шалгаж байна.

Энэ тохиолдолд мөрдөх хуулийн зүйл заалтаас дурдвал, Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлд:

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж заасан байна.


Холбоотой мэдээ