Монгол, Казахстаны ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-14 15:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар боллоо.


Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Казахстан улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүс нутгийн газрын захирал Н.А.Арыстанов нар ахаллаа. Энэ үеэр талууд хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн цар тахлын улмаас хэрэгжилт нь удаашралтай байгаа асуудлуудыг урагшлуулахад анхаарч ажиллахаар тохиролцов. Түүнчлэн ирэх онд дээд, өдөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд ойрын үед байгуулах баримт бичгүүд, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.


Талууд Монгол, Казахстаны Засгийн газрын комиссын ээлжит 8 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан цахимаар зохион байгуулахаар санал нэгдэж, бэлтгэл ажлыг шуурхай хийх болов. Уулзалтад Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, Казахстан Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адылбаев болон хоёр улсын ГХЯ-ны ажилтнууд оролцов.

Холбоотой мэдээ