Улиастай сумын нийтийн орон сууцны байруудыг дулаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-08 12:40:14

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумын нийтийн орон сууцны байруудыг  дулаалж өнгө үзэмжийг нь сэргээх ажил хийж байна.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын нийтийн орон сууцны 20 барилгыг дулаалж өнгийг сэргээн засварлажээ. Тус ажлыг Орон нутгийн хөгжлийн сангаас 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баян Балбар" ХХК гүйцэтгэжээ.

Мөн айл өрхүүд, орц, хөрш, байраараа нийлж өөрсдийн санаачилгаар нийтийн сууцныхаа гадна фасадын дулаалгын ажлыг хийж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Харин нийтийн сууцнуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, зарим газар шинээр тавих хэд хэдэн ажлыг хийж байна. Тухайлбал Цэнгэлдэх хотхоны инженерийн шугамыг ААН, салбар шугамыг иргэдийн санхүүгийн оролцоотойгоор хамгийн бага зардлаар шийдвэрлэснээр иргэд өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн хямд өртөгтэй ая тухтай орон сууцтай болж байна.

Мөн Өлзийт багийн "XXI зуун жишиг хороолол"-ын дулаан,  хэрэглээний халуун, хүйтэн усны таван хос 1,2 км инженерийн шугам 800м бохирын шугамыг хийж гүйцэтгэлээ. Инженерийн иж бүрэн шугам сүлжээний ажлыг хийснээр орчин үеийн шинэ суурьшлын бүс бий болж “XXI зуун жишиг хороолол”-ын айл өрхүүд нэгдсэн дулаан хангамж, хэрэглээний халуун ус, бохир ус зайлуулах төвлөрсөн системд холбогдох боломжтой болсон. Түүнчлэн Баазын хэсэг, ХААЖДҮГ, 8 дугаар цэцэрлэг, 9 дүгээр цэцэрлэг, Чигэстэй багийн хувийн орон сууцтай айл өрхүүдийг холбох, цэвэр ус болон бохирын шугам тавилаа хэмээн нэмж дуулгалаа.

Холбоотой мэдээ